Мэдээ мэдээлэл
Харгалзах огноо: 2014-10-06|Уншсан : 100

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-06-НЫ ӨДРҮҮДЭД ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Өргөдлийн байнгын хорооноос Говьсүмбэр, Дорноговь аймгийн Сайншанд хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Улаанбадрах, Дэлгэрэх сумдад ажиллаж зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.


Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саран-Хөхөө” театрт иргэдтэй хийсэн уулзалтанд Өргөдлийн байнгын хороог төлөөлөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, тус орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, Аймгийн засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч н.Төмөрхуяг болон Өргөдлийн байнгын хорооны ажлын албаны бусад албан хаагчид оролцож Байнгын хорооны үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Мөн Айраг сумын Цагаан дэлийн агуйн нөхцөл байдал болон холбогдох бусад асуудлаар ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.


Дорноговь аймгийн Айраг сумын иргэний хүсэлтийн дагуу тус сумын нутагт орших Цагаан дэлийн агуйн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад агуйг тойрсон уул уурхайн ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл олгосон, агуйн амыг тэсэлгээ хийж дэлбэлж нураасан дахин нурж тагларахад бэлэн болсон, хуучин тогтоцоо алдах хэмжээнд хүрсэн байна. Иймд агуй судлаач эрдэмтэд, Мэргэжлийн хяналтын байгууллагыг оролцуулан хяналт шалгалт хийлээ. Мөн сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.


Говьсүмбэр аймгийн ЗДТГ, ИТХ-ын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулахад Монгол Улсын босоо тэнхлэгийн төв зам дайран өнгөрдөг аваар осол их гарч буй, орон нутгийн игэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэхгүй байгааг харгалзан нэн тэргүүнд эмнэлэгийн асуудлыг Улсын төсөвт тусгаж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдэд дуулгаж өгөхийг хүссэн юм.

Мөн ажлын алба Дорноговь аймгийн төвөөс урд зүгт 260 орчим км буюу Хөвсгөл сумын нутагт орших Хутаг уулын орчим Ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл олгосонд иргэд гомдол, санал гаргасаны дагуу газар дээрх нөхцөл байдалтай танилцлаа.


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин ураны хайгуул хийж буй Арева компанитай холбоотой малын өвчлөл нэмэгдэж, нутаг орондоо аж төрөх боломжгүй болж байгаа талаар иргэд бухимдан өргөдөл гомдол гаргаж байлаа.


Уулзалтаар санал хүсэлт гаргасан орон нутгийн иргэдийн дийлэнх нь уул уурхайг цэгцлэх, нэгэн зэрэг биш ирээдүйдээ тодорхой хэсгийг нөөцөлж ашиглах, байгаль орчин, ус бэлчээрийг онгон төрхөөр нь хадгалах, нөхөн сэргээх талаар хандаж байна.


Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаанхад багийн нутаг дахь тахилгат Чандмань уул орчны газрыг эзэмшин “Засаг чандмань майнз” ХХК төмрийн хүдэр олборлож байна. Чандмань уул нь хошуу нутгаараа эртнээс тахиж ирсэн хайрхадын нэг бөгөөд зөвхөн оройн хэсэг буюу 116 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байна. Цаашлаад бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар иргэд өргөдөл гаргасан.


Дэлгэрэх сумын иргэдийн хурлын шийдвэрээр мөн уулын орчинд буюу Шар модны бууц нэртэй газарт 15.2 га газрыг гар аргаар алт олборлох зориулалтаар ашиглаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, хууль бусаар алт олборлогчдын хөлд нэрвэгдэн сүйдэхэд хүрсэн байна.


Энэ бүхэнд тус сумын иргэд, малчид ихэд бухимдалтай байгаа тухай санал хүсэлтээ илэрхийлж өргөдөл гаргасан болно.





Оруулсан огноо: 2014-10-13|Уншсан : 100