Мэдээ мэдээлэл
Харгалзах огноо: 2014-09-05|Уншсан : 93

УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД МОНГОЛ-ГЕРМАНЫ АШИГТ МАЛТМАЛЫН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын хүрээнд  2014 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр Монгол-Германы технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.  

    Уулзалтад УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга, Монгол-Германы Парламентийн бүлгэмийн дарга Р.Бурмаа, гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа тус Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Монгол-Германы технологийн дээд сургуулийн ректор Н.Дорждэрэм, гүйцэтгэх захирал Ч.Алтаннар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, “Монгол-Германы ашигт малтмалын технологийн дээд сургууль” төслийн ахлах зөвлөх Ч.Шинэбаяр нар оролцлоо.

    Уулзалтын үеэр тус сургуулийн удирдлагууд сургуулийн зорилго, үйл ажиллагаа явуулж буй одоогийн нөхцөл бололцоо, үр дүн, зарим нэг тулгамдаж байгаа асуудал, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаар танилцуулж, гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.   

     Тус сургуулийн үйл ажиллагааг цаашид улам үр дүнтэй амжилттай явуулах,  цаашид шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтын байдал, шийдвэрлэх нөхцөл бололцооны талаар УИХ-ын гишүүд болон сургуулийн удирдлагууд санал солилцов.     

    Монгол-Германы ашигт малтмалын технологийн дээд сургууль нь Монголын их, дээд сургуулийн хэмжээнд шинэчлэл авчрах үндэсний загвар сургууль болох зорилттой ажиллаж байгаа бөгөөд их сургуулиудын менежмент, сургалтын хөтөлбөр, чанарын удирдлагатай холбоотой туршлага солилцох нээлттэй хөтөлбөрүүд явуулах боломжтой тухай “Монгол-Германы ашигт малтмалын технологийн дээд сургууль” төслийн ахлах зөвлөх Ч.Шинэбаяр танилцуулав.
 
    Түүнчлэн үндэсний уул уурхайн салбарын үйлдвэрлэгчдээс сургалтын хөтөлбөрт тусгуулах талаар санал ирүүлж, үйлдвэрлэлийн дадлага хийх, хамтран ажиллах талаар тус сургууль анхаарч ажиллаж байгаа талаар ярив.

    ӨБХ-ны дарга Р.Бурмаа болон гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа нар сургуулийн  үйл ажиллагааг улам амжилттай явуулах талаар гарах санал, хүсэлтийн талаар анхаарч эрх зүйн орчин бүрдүүлэх, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран тухайн нутаг дэвсгэр, дүүргийн хөгжил, хүүхэд залуусын сурч боловсрох чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.  

   

Оруулсан огноо: 2014-09-15|Уншсан : 93