Байнгын хорооны мэдээлэл
Харгалзах огноо: 2014-04-18|Уншсан : 112

Хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчилж, 2014 оны 2 дугаар улиралд багтаан тус Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо. 

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүдээс гаргасан хүсэлтийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс дараах асуудлаар мэдээлэл сонсохоор боллоо.  Үүнд:

1/ нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын дүн, хүн амын бүтцийн насжилтын нөлөөлөл, санхүүгийн ачааллын тооцоо, ирээдүйн төсөөлөл;

2/ нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох хүрээнд:

  • нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс өндөр цалин, хөлстэй иргэдийн судалгаа /ажил олгогчийн өмчийн төрөл, хэлбэрээр/;

  • ажил олгогчийн шимтгэл төлөх хэмжээнд дээд хязгаар тогтоох шаардлагатай эсэх, түүнээс гарах үр дагавар, боловсронгуй болгох талаарх санал, холбогдох судалгаа;

     

3/ нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний талаар баримталж буй бодлого, тус салбарт хийгдэж буй шинэчлэлийн талаар;

4/ сангийн хөрөнгийг банкуудад байршуулж буй талаарх судалгаа, цаашид сангийн хөрөнгийг зах зээлийн журмаар эргэлтэд оруулах, арвижуулах талаар хийж буй ажил;

5/ хувийн даатгалын тогтолцоо бий болгох боломж нөхцөлийн талаар.

 

Оруулсан огноо: 2014-04-18|Уншсан : 112