Байнгын хорооны шийдвэр
Харгалзах огноо: 2014-06-03|Уншсан : 250

Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар гаргасан тогтоол


Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Иргэдээс Улсын Их Хуралд хандаж гэр олгуулах асуудлаар гаргасан өргөдлийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар танилцууллаа.

Танилцуулгад дурдагдсанаар, “Иргэдээс Улсын Их Хуралд гаргасан өргөдлийг тус Байнгын хороо хүлээн авч хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд хамаарах саналын шинжтэй өргөдөл, хуулиар бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах болон ахуйн шинжтэй хувийн хүсэлт гэж ангилан судалж, шийдвэрлэж байгаа бөгөөд нийт өргөдлийн 20 хувийг саналын шинжтэй, 80 хувийг ахуйн шинжтэй хүсэлт эзэлж байна.

Улсын Их Хуралд ирүүлсэн ахуйн шинжтэй хувийн өргөдлийн 65.0 хувийг зөвхөн гэр олгохыг хүссэн өргөдөл, Засгийн газар болон Төрийн захиргааны байгууллагуудад хандсан өргөдлийн 50 орчим хувийг мөн асуудлаар гаргасан хүсэлт тус тус эзэлж байна. Гэр олгох асуудлаар төр, захиргааны байгууллагуудад хүсэлт гаргасан иргэдийн25 хувийг тэтгэврийн насны ахмадууд, 35 хувийг өрх толгойлсон эх, /эцэг/, 20 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 12 хувийг орон гэргүй, орлого багатай иргэд, 8 хувийг гэнэтийн гал түймэр, үер усны аюулд өртсөн иргэд эзэлж байгаа бөгөөд орлогогүй эсвэл өрхийн орлого нь гэр худалдаж авахад хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар өргөдөл гаргасан байна.

Дээрх судалгаанаас харахад сүүлийн 3 жилд гэр олгуулах асуудлаар 7753 хүсэлт гаргасны дагуу 1311 иргэнд буюу 16.9 хувьд нь нийслэлийн халамж үйлчилгээний газар, хэлтсүүд, Улсын Их Хурлын гишүүд, Төрийн бус байгууллага, иргэдийн хандив тусламжаар гэр олгон шийдвэрлэсэн байна. Бусад өргөдөлд гэр хүссэн иргэдийн дараалал, бүртгэлд бүртгэн авсан тухай хариу өгчээ.

Мөн ахмад дайчдын орон сууцны тухай Засгийн газрын 2007.09.23-ны 250 дугаар тогтоолоор “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх нөхцлийг тусган зохих журмын дагуу шийдвэрлэж байх тухай заасны дагуу батлагдсан Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журмын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл дагуулж байна. Гэр олгуулах асуудлаар өргөдөл гаргаж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн амд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний төрлийг оновчтой болгох төсвийн зардалд дүн шинжилгээ хийх, үр дүнтэй зарцуулах, шаардлагатай бол нийгмийн халамжийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судлах шийдвэрлэх шаардлага гарч байна” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумьяабазар, Ж.Батзандан нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Нийгмийн халамжийн тухай хууль болон ядуурал, ажилгүйдлийг бууруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу эмзэг бүлэгт хамрагдаж байна гэсэн статистик үзүүлэлт бий. Гэр олгохыг хүсч байгаа иргэдийн цаана ядуурал байна гэсэн үг. Зарим иргэдийн амьдрал туйлын ядуу байна. Иймээс зөвхөн гэр олголтын асуудлыг ярих бус цаана нь байгаа ядуурал, ажилгүйдлийг хөндөж ярих хэрэгтэй гэдгийг гишүүд онцолж байлаа. Н.Номтойбаяр гишүүн,Үндэсний статистикийн хороо бодит тоо гаргаж чадаж байгаа эсэх болон ядуурлыг бууруулах аргачлалыг зөв тодорхойлж байгаа эсэхийг тодотгож, энэ чиглэлээр томоохон бодлого гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргалаа. Мөн Н.Батцэрэг гишүүн, Байнгын хорооноос салбарын сайдуудыг байлцуулан өргөн хүрээнд хамтарсан хуралдаан хийж, томоохон хөтөлбөр гарган Улсын Их Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Батцэрэг нарын гаргасан саналыг Байнгын хорооны төлөвлөгөөнд оруулахаар болов. Мөн Хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, тогтоолын хэрэгжилтийг хангах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллан 2014 онд багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо.

"Хавсралт файл" хэсгээс тогтоолын хуулбарыг татаж авна уу.

Оруулсан огноо: 2014-06-27|Уншсан : 250