Байнгын хорооны шийдвэр
Харгалзах огноо: 2014-06-17|Уншсан : 217

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлаар гаргасан тогтоол

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.17/ хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд нийт 1736 эмнэлэг, сувилал үйл ажиллагаа явуулж байгаагаас өрхийн эрүүл мэндийн төв 228, сум, тосгон, сум дундын эмнэлэг 329, нэгдсэн эмнэлэг 26, бүсийн оношилгоо, эмчилгээний төв 5, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төв 16, амаржих газар 3, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 197, үүдэн эмнэлэг, 822, рашаан сувилал, сувилал 71, бусад эмнэлэг /төмөр зам, хилийн зэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллалын харъяа эмнэлэг г.м/ 31 ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад 2013 онд хийсэн эрсдлийн үнэлгээгээр нийт объектийн 33,1 хувь нь бага, 55,1 хувь нь дунд, 11,6 хувь нь их тус тус үнэлэгдсэн.
Хяналтын хуудасны дүнг 2012, 2013 оноор нь харьцуулахад бага эрсдэлтэй объектын тоо 11,6 хувиар буурч, дунд, их эрсдэлтэй үнэлэгдсэн объектын тоо 2,7-9,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилт 1,0 хувиар буурч эрсдэл үүсэх магадлал нь 7,0 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 2012 онд 71,3 хувь, 2013 онд 65,3 хувь, хүлээн авах, яаралтай тусламж болон хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах стандарт удирдамжийн мөрдөлт болон эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа, түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилт 74 хувьтай байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад илэрч байгаа нийт зөрчлийг багцлан авч үзвэл Эрх зүйн орчин дутмаг, Улсын төсөв, санхүүжилт, Эрүүл мэндийн байгууллагын удирдлага зохион байгуулалт, Хүний нөөцийн хэрэгцээ, хангалт, чадавхи, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага, эрх зүйн мэдлэг, Оношилгоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, хүрэлцээтэй тус холбоотой байна.
Эрүүл мэндийн байгууллагууд нь 115 бүлгийн 2500 орчим өвчний оношоор эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ дөнгөж 435 орчим стандарт, 30 гаруй удирдамж хэрэглэж байгаа нь эрүүл мэндийн баталгаатай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллагын төрлийн заасан боловч өнөөг зарим төрлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт батлагдан гараагүй байна.
Эмнэлгүүдийн стандартыг мөрдөн ажиллаж чадахгүй байгаа нь хэрэгцээнд суурилсан санхүүжилтийг хуваарилж чадахгүй, тэгштгэн хуваарилах зарчмаар төвлөрүүлэн хуваарилж байгаагаас хүн хүчний нөөц, барилга байгууламж, шинэчлэл, хангамж, хүрэлцээ хангалтгүй байгаа нь тусламж үйлчилгээний чанарт нөлөөлж байна.

Хуралдаанаар эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.



Оруулсан огноо: 2014-08-13|Уншсан : 217